Д. АЛТАНГЭРЭЛ: ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОМСДОЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ШААРДЛАГА ҮҮСЭЭД БАЙНА.

Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Д. Алтангэрэлээс хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаар тодрууллаа.
-Сайн байна уу. Танай байгууллага ажилтнуудынхаа цалин, нийгмийн хангамжийн асуудалд хэр анхаарч ажилладаг вэ?
Манай байгууллага өнгөрсөн жил буюу 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж гурван ээлжээр ажилладаг байдлыг дөрвөн ээлж болгон ээлжийн 341 ажилтны орон тоо нэмлээ. Цалингийн фонд өмнөх жилийнхээс 48 хувь өссөн.
Нийслэлийн засаг даргын баталсан бүтэц орон тоог батлах 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1056 дугаар захирамж, МОСНААҮАҮЭХ-той байгуулсан 2022-2024 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд байгууллагын эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж нийт ажилтнуудын үндсэн цалин 25 хүртэл хувиар, ажилтны нэг өдөрт ногдох хоолны үнийн хөнгөлөлтийг 33 хувиар, унааны хөнгөлөлтийг 100 хувь өсгөн нэг ажилтны сарын дундаж цалин 1.2 сая төгрөг хүрсэн.
Үүнээс гадна ОСНААУГ-ын статус нь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газар. Ус, дулааны бүх үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо баталдаг. Энэ нь ОСНААУГ-ын ажилтнуудын тооны дээд хязгаар,олох орлогыг дээрээс тогтоож өгдөг гэсэн үг.
Ажилтнууддаа хангалттай цалин өгөхийн тулд одоо байгаа төсвөөр 1000 гаруй хүн л ажиллуулах боломжтой. Гэтэл энэ онд манайд хувийн конторуудаас 10 гаруй мянган өрхийн хэрэглэгч шилжиж ирлээ. Эдгээрийг дагаад ашиглалт үйлчилгээний хүн хүч зайлшгүй хэрэгтэй болдог.
ОСНААГ-ын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлын тогтвортой байдлыг хангахын тулд ус дулааны үнэ тарифад өөрчлөлт оруулах шаардлагатай. Жишээ нь бидний хэрэглэгчдэд нийлүүлдэг нэг литр хэрэгцээний цэвэр ус 1,7 төгрөг байдаг.Гэтэл худалдааны төвүүдэд 500 грамм ус 1500-3500 төгрөгийн үнэтэй зарагддаг. Хамгийн үнэ цэнтэй зүйлийн өртөг бага байх нь тохиромжтой зүйл биш.
Хэрэгцээний цэвэр усыг стандартын дагуу хэрэглэгчдэд хүргэхийн тулд дамжуулж байгаа шугам сүлжээний найдвартай байдлыг хангах засвар үйлчилгээний өртөг нь зардлаа нөхөж дийлэхгүй байна. Гол асуудал маань энэ.
Төр засгаас ус дулааны үнэ чөлөөлөхгүй, бодлогоор барьж байгаа нь нэг талаараа ард иргэдээ бодсон шийдвэр боловч нөгөө талдаа орон сууц нийтийн аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдолд нөлөөлж байна гэж харж байна. Цахилгааны үнэ үе шаттай нэмэгдсэн. Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харьцуулахад манай цалин бага байна. Мэргэжилтэй ажилтны хомсдол үүссэн. Нөгөө талаар шинэ залуу боловсон хүчнүүд манайд ирж дадлагажиж, суралцаад ижил төстэй цалин өндөртэй байгууллага руу орох, БНСУ зэрэг гадны улс орнууд руу ажиллахаар гарах асуудлууд байна. Цалингаас болж сурч дассан байгууллагаасаа гарах нь аль аль талдаа амаргүй шийдвэр байдаг. Иймээс ажилтнуудын цалин, нийгмийн хангамжийг ижил төстэй байгууллагын түвшинд хүргэх, бүр цаашилбал зах зээлийн жишиг рүү ойртуулах шаардлага тулгараад байна.
-Энэ сард төрийн албан хаагч нарын цалин нэмэгдсэн. Тэгвэл танай байгууллагын ажилчидын цалин нэмэгдсэн үү.
Энэ оны долоодугаар сарын 1-ээс төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин нэмэгдсэн ч манайх төрийн үйлчилгээний байгууллагын ангилалд хамаардаггүй болохоор хамрагдаж болдоггүй.
Статус өөр ч гэлээ төрийн өмчит болон нийслэлийн нутгийн захиргааны хэрэглэгчдийн ая тухын төлөө 24 цаг ажилладаг. Хамгийн ойрын жишээ энэ сарын 23-ны өдөр борооны усны асуудал тулгарахад манай 174 хүн дуудагдаж, шөнө орой илүү цагаар ажиллалаа. Ийм статусын ялгаатай байдлаас цалин, нийгмийн хангамжийн асуудал дунд нь орхигддог байдлыг өөрчлөх хэрэгтэй байна. Нийгмийн асуудлын тухайд МОСНААҮАҮЭХ-той байгуулсан 2022-2024 оны хамтын хэлэлцээрийн хүрээнд өмнөх жилүүдийн түвшингээс нь тодорхой хувиар ахиулан шийдвэрлээд явж байна. Нийгмийн хэрэгцээ шаардлага өндөрсөхийн хэрээр 100 хувь хүргэж шийдвэрлэж чадаагүй асуудлууд ч бий.
-Он гарсаар 10 мянган өрхийн хэрэглэгч нэмэгджээ. Энэ сард болсон үерийн гамшгийн дараа хувийн орон сууцны контороос ОСНААУГ-ын харьяанд ирэх хүсэлт олон ирж байна. Бүтэц, зохион байгуулалтад дахин өөрчлөлт орох уу?
2023 оны 07 дугаар сарын 25 -ны Нийслэлийн Засаг даргын шуурхай хурлаар энэ асуудал нэлээн онцгой яригдсан. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 97 дугаар тушаалаар нийтийн орон сууцны 250 хэрэглэгч тутамд нэг сантехникийн засварчин байх жишгийг тогтоож өгсөн байдаг. Энэ жишгээр бол манай орон тоо дахиад хоёр дахин ихсэх хэрэгтэй болно. Хувийн орон сууцны конторын хувьд энэ стандарт мөрдөгддөг эсэхийг мэдэхгүй байна.
Нэг инженер ус, цахилгаан, дулаанаа ямар нэгэн байдлаар хавсарч хийдэг нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдан манайд шилжиж ирсэн конторуудын хүний нөөцийн мэдээлийн сангаас харагдаж байгаа юм.
Манай байгууллагын хувьд ус, дулаан, цахилгаан тус тусдаа хариуцсан инженерүүд ажилладаг. Үерийн гамшгийн үед энэ ялгаатай байдал тод харагдлаа. Хувийн орон сууцны конторын ажиллах хүчний хүрэлцээ хангалттай биш байна. Иймд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийг шууд нийслэлийн өмчит байгууллагын харьяанд ажиллуулах тал дээр тодорхой дүрэм журмыг эргэж харах шаардлагатай байна.
Одоо бидэнд байгаа бас нэг асуудал бол засвар үйлчилгээ ихээхэн шаардлагатай болсон шугам сүлжээтэй барилгууд эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор ирж байна.
ЭХЗХ-ноос зарим Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хариуцан ажиллаж байсан орон сууцны байруудын дулаан түгээх, хангах үйлчилгээг манай байгууллагад шилжүүлэхдээ тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хангагч байгууллагын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид цаг тухай бүрд нь засвар хийдэггүйгээс болоод үүссэн эвдрэл гэмтлийн засварлахад ихээхэн хөрөнгө ордог тул үнэ тарифийн зохицуулалт хийж эдийн засаг талаас нь дэмжих шаардлагатай байна. Саяхан манай “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2”-т цөөн оршин суугчтай байр шилжиж ирсэн. Цөөхөн хэрэглэгчийн манайд орох орлого тун бага. Гэтэл тоног төхөөрөмжийн эдэлгээ нь дуусчихсан шинэчлэх засварууд нь маш их байх жишээтэй. Мөн инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлээгүйгээс Хэрэглэгчдийн дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай хангагдах эрх зөрчигдөхөд хүрч байна. УБДС-ээс Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 29.1.8, 32.2.1-д зааснаар хоёр байгуулллагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр тухайн салбарт нийлүүлэлтээ хязгаарлалаа гэхэд манай бусад хэрэглэгчид хохирох жишээтэй.
Бүтэц зохион байгуулалтын хувьд орон тооны дээд хязгаарыг тогтоохдоо тухайн жилд ирэх ус дулаан дамжуулах төвүүдийг тооцоолон батлуулж байя. Хөдөлмөрийн тухай хуулиараа газрын даргад олгогдсон эрх хэмжээ байгаа. Одоогоор 2003 хүний орон тоотой ажиллаж байна.
Энэ ондоо багтаад хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн ачааллыг тэнцүүлэхийн тулд зарим нэг жижиг төвүүдийг нэгтгэх, шинээр нэгээс хоёр хэрэглэгчдэд үйлчлэх төв байгуулах зайлшгүй шаардлагатай юм. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт ажилтнуудын 307 буюу 16.3 хувь нь цалин хангамж муу гэдэг шалтгаанаар ажлаас гарсан байна

Facebook
Twitter