МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГААС ОСНААУГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монголын Мянганы сорилтын сангийн “Усны салбарын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд ОСНААУГ-ын үйл ажиллагаатай танилцах уулзалт, хэлэлцүүлгийг МПМ цогцолборт зохион байгууллаа.
 
Тус уулзалтад Монголын Мянганы сорилтын сан, Азийн сан, түүний зөвлөх байгууллагууд, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Олон нийтийн зан үйлийн өөрчлөлтийн асуудал хариуцсан захирал Алисон Монтгомери, ОСНААУГ-ын хэлтэс, алба, салбар төвүүдийн удирдлага, ахлах инженерүүд оролцлоо.
 
Хэлэлцүүлэгт ОСНААУГ-ын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Содномсүрэн “ОСНААУГ-ын товч танилцуулга, Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа”, Мэдээлэл технологийн албаны дарга Д.Төгсөө “ОСНААУГ-ын үйл ажиллагааг хэрэглэгчдэд ойлгуулах, сурталчлан таниулах нь”, программ хангамжийн инженер Ж.Өнөмандах “Цахим үйлчилгээний хөгжүүлэлт”, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Н.Буянхишиг “Ажиллах хүчнийг чадавхжуулах, хүний нөөцийн бодлого” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
 
Монголын Мянганы сорилтын сан Компакт гэрээгээр санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Усны үйлчилгээний үнэ цэн, бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх дэд үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэхээр МСК-ын дүрэм журмын дагуу олон улсын нээлттэй тендер зарлаж, Азийн сан шалгаран ус хангамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай үе шаттай уулзалт зохион байгуулан, үндсэн хөтөлбөр дизайныг боловсруулан ажиллаж байна.

Facebook
Twitter