ОСНААУГ ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР “ХАРААГҮЙЧҮҮДИЙН-48” БОЛОН БУСАД БАЙРНЫ ХАЛУУН УСНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр (2023.08.21) ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, ерөнхий инженер Ж.Пүрэвжамц нар Хан-Уул дүүргийн 3-р хороо Хараагүйчүүдийн 48-р байр, Нисэх, Баянгол дүүргийн 3,4-р хороолол, 6-р бичлийн зам дагуу “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”, Баруун түгээх төв, Төв түгээх төвийн хийж гүйцэтгэж байгаа инженерийн шугам сүлжээний засварын ажлын явцтай танилцаж, эрчимжүүлэх даалгавруудыг өглөө.
 
ОСНААУГ жил болгон өөрийн хөрөнгөөр 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Энэ жил 6,9 тэрбум төгрөгийн их засвар, 2,6 тэрбум төгрөгийн урсгал засварыг өөрийн хөрөнгөөр хийж байна. Өөрийн хөрөнгөөр хийгдэх 6,9 тэрбум төгрөгийн их засвараас гадны инженерийн шугам сүлжээ солих найман ажлын 6 нь буюу 3 км шугам солих ажил бүрэн хийгдэж дуусчээ.
Энэ ажлын хүрээнд ХУД-ийн 1,3-р хорооны засварын схемийг өөрчлөн олон жил халуун ус доголдож байсан байруудын халуун усыг хэвийн болголоо.
 
ХУД-ийн 3-р хорооны Хараагүйчүүдийн 48-р байр нь 1970 онд ашиглалтад орсон 60 өрхтэй, 217 оршин суугчтай. Тус орон сууцны байр нь 2007 оноос хойш хавар, намрын улиралд шаардлагад нийцсэн халуун усаар хангагддаггүй байсныг 2023 оны зуны засвараар схемийн өөрчлөлтийг хийж, халуун усны өгөх буцах 50-63 мм-ийн диаметр РРR-110 метр шугам шинээр татах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Мөн ХУД-ийн 1-р хорооны 2005 онд ашиглалтад орсон 57 өрхтэй 19-ийн 44-р байр нь 2007 оноос хойш шаардлагад нийцсэн халуун усаар хангагддаггүй байсныг 2023 оны зуны засварын схемийн өөрчлөлтөөр УДД-90 дүгээр төвөөс өгөх буцах 90 мм-ийн диаметртэй РРR-120 метр шугам шинээр татах ажлыг хийж, оршин суугчдыг хэрэгцээний халуун усаар хангалаа.
ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр: “ОСНААУГ нь Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар төлөвлөгөөт ажлуудаа батлуулдаг ч дулааны шугамын дийлэнх нь хуучирч, ашиглалтын хугацаа хэтэрсэн тул гэмтэл их гарч төлөвлөгөөт бус ажлууд их үүсэж байна. Тухайлбал: УДДТ-97 дугаар төвөөс УДД- 98 төв рүү явсан дулааны шугамд УБДС ТӨХК-ийн 0 зогсолттой уялдуулан хийгдсэн угаалга, цэвэрлэгээний үеэр 2 гэмтэл гарсныг засварлаад дуустал өчигдөр дахин гэмтэл гарсан байна. Иймд шугамын засварыг төсөвт суулгаж, төсвөөс мөнгө гаргаж засан сольж байхгүй бол байгууллага өөрийн хүчээр хийхэд хүндрэл учирч байна” гээд “Дулааны шугамыг өргөтгөх, инженерийн шугам сүлжээг хонгилын системд бүрэн шилжүүлэх зэрэг тоймтой ажлуудыг хийхэд анхаарах хэрэгтэй байна” гэж онцоллоо.

Facebook
Twitter