БИДНИЙ ТУХАЙ

ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ХУУДАСТАЙ ТАНИЛЦАЖ БАЙГАА ТАНЬД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

Энэ онд Монголд Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөн 90 жилийн ой тохиож байна.

Тэртээ 90 жилийн өмнө Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн салбар хэмээх их айл тулгын чулуугаа өрж, үүслийн галаа асаасан түүнтэй. Өдгөө аавын гэрийн галыг манаж яваа байгууллага бол 75 дахь жилдээ тасралтгүй хэрэглэгчдийнхээ ая тухтай амьдралын баталгааг хангаж ирсэн Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар билээ.

Энэ хугацаанд манай байгууллага Монгол Улсын Засгийн газар нийслэлийн дэвшүүлсэн бодлого зорилттой уялдуулан шинэлэг менежмент, орчин үеийн дэвшилтэд техник технологийн шийдэл ашиглан үйл ажиллагаагаа явуулж, өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжил цэцэглэлт, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа он жилүүдэд дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усны хэрэгцээг хангаж ирсэн билээ.

Өнгөрөгч 2021 онд бид хийж байгаа ажлаа иргэдэд сурталчилж, шинэ техник технологийг нэвтрүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хэрэглэгчдэд хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ажилласны зэрэгцээ ижил төстэй чиг үүрэг гүйцэтгэдэг гурван байгууллагад үйл ажиллагаагаа танилцуулж туршлага судалсан арвин их ажилтай жил болон өнгөрснийг онцлон тэмдэглэе.

Бид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, дэд болон үндэсний хөтөлбөр, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийт 40 зорилтыг дэвшүүлж, төлөвлөсөн ажлуудаа амжилттай хийж гүйцэтгэсэн.

Энэ жил Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яамнаас оны шилдэг байгууллагуудыг шалгаруулахад “Шилдэг дэвшилтэд технологи, менежменттэй байгууллага”-аар шалгарч шагнууллаа. ОСНААУГ-ын удирдлагуудын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр орон сууц барих газрыг шийдвэрлүүлэх хүсэлтээ нийслэлийн удирдлагад хүргүүлж, Нийслэлийн Орон сууцны корпорацтай зөвшилцөж хамтран ажиллахаар тогтоод байна.

Улаанбаатар хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээг хариуцан ажиллаж буй Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын нийт инженер техникийн ажилтан, албан хаагчдад ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ,
"ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР" ОНӨААТҮГ-ЫН ДАРГА

ЧИМИД-ОЧИРЫН МЭНДБАЯР